Тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгоно

8c93b33ae71800c84ece21b019a08a7coriginal

Өнгөрсөн жил ургацынхаа ихэнх хувийг цаг агаарын таагүй нөхцөлөөс болж алдсан тариаланчдаа дэмжихээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан гаргахаар болжээ. Гэхдээ 100 тэрбум төгрөгийг хэрхэн хаанаас босгох вэ гэдгээ Хөгжлийн банк тодорхойлох юм. Энэ долоо хоногтоо багтан Хөгжлийн банк мөнгөний эх үүсвэрээ олбол цаг алдахгүй тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгоно гэж салбар яамнаас мэдэгдлээ. Удахгүй тариалалтын ажил эхлэх тул тариалан эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид санхүүжилт яаралтай шаардлагатай  гэж ХХААЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.

Үрийн буудайны тухайд төсөвлөсөн мөнгө, санхүүжилт байхгүй. Иймээс Засгийн газар, УИХ Хөгжлийн банкны эх үүсвэрээс тодорхой хэмжээний санхүүжилтийн босгох шийдвэр гаргажээ. Хэдэн аж ахуйн нэгжид, хэчнээн хэмжээний мөнгө хаврын тариалалтад шаардлагатай байгаа тооцоо, судалгааг ХХААЯ  Хөгжлийн банкинд хүргүүлсэн гэнэ. Урьдчилсан байдлаар нэг га талбайд тариалалт хийхэд 350 мянган төгрөг хэрэгтэй гэж салбар яам нь тооцож, нэг тариаланч  иргэн, ААН-д олгох зээлийн хэмжээгээ тогтоох юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдад олгосон техник, шатахууны зээлийн эргэн төлөлтийг улаан буудайгаар хийдэг. Өнгөрсөн жилүүдэд 25-30 мянган тонн буудайг өр авлагадаа авсан ч 2015 онд үүссэн цаг агаарын таагүй байдлаас болж өнгөрсөн намар ердөө зургаан мянга орчим тонн буудайг тариаланчид зээлийн төлбөртөө суутгуулжээ.

Мөн тариалалтын үеэр хэрэглэх  шатахууны онцгой албан татварыг чөлөөлж өгөхийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт тавьжээ. Улмаар тариалалтад хэрэглэх шатахуун татваргүй болбол дизель түлш литр нь 1000-1200 орчим төгрөгийн ханштайгаар тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болох аж.

Д.УЛАМБАЯР