Тоон гарын үсгийн гэрчилгээ олгоно

 

 

                                                  ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох  тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгалаа.

Төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад, тоон гарын үсгийн гэрчилгээг төрийн албан хаагчийн иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд тус тус даалгалаа.

Интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн үйлчилгээ, хэрэгцээ шаардлага үүсч байна. Цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох асуудлыг тоон гарын үсэг найдвартай шийдвэрлэж чаддаг шилдэг шийдэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан бөгөөд гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интерактив” ХХК болон “СССК” ХХК-ийн түншлэлд олгожээ. Уг түншлэл өөрийн дэд бүтцийг байгуулан “Мон Пасс” нэрийн дор зах зээлд үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож түүний хэрэглээг түгээхэд бэлэн болсон байна. Тоон гарын үсгийг эзэмшсэнээр төрийн болон бизнесийн цахим үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө  таниулж нэвтрэх, тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт  адил хүчин төгөлдөр ашиглах, олон төрлийн үйлчилгээг цахим орчинд авах зэрэг олон давуу талтай юм.

Тусгай хэрэгцээнд авсан талбайн солбилцлын цэгийг өөрчлөн тогтоолоо

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн 1200 га газарт Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт өрнөж байна. Шинэ нисэх буудлын орчимд дагуул хот, түүний дэд бүтцийг төлөвлөх шаардлагатай болсноос Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авсны дотор Сэргэлэн сумын Засаг даргын шийдвэрээр нисэх буудлын бүтээн байгуулалтад олгосон 1200 га газар багтаж байгаа юм.  Тусгай хэрэгцээнд авсан талбай нь байрлалын хувьд хойд хэсгээрээ уулархаг бүсийг хамарч, нисэх буудлын урд хэсгээр дуусаж байгаа нь тэгш, ашигтай талбайг бүрэн хамраагүй тул ирээдүйн төлөвлөлтийг тооцон газрыг нөөцлөх, холимог тээврийн ложистик төв, Богд хан төмөр замын төсөл зэрэг харилцан уялдаатай хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд газрын асуудлаар маргаан үүсэх магадлалтай юм. Иймд Хөшигийн хөндийн 12084.9 газрын солбилцлын цэгийг өөрчилж, улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Төв аймгийн Засаг даргад үүрэг болголоо.  Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт даалгалаа.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний загварыг шинэчлэн баталлаа

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 24.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаж, тус хуулийг үндэслэн 2011 оны 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг Засгийн газраас баталсан. Өнгөрсөн хугацаанд 122 тэрбум 653 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 23 181 аж ахуйн нэгж, иргэнд олгосны үр дүнд 9272 шинэ үйлдвэр байгуулагдаж, 13909 үйлдвэр өргөтгөж, 32907 шинэ ажлын байр нэмэгдэж, 20605 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг Аж үйлдвэрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд шилжүүлсэн тул тус яам сангийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Сангийн удирдлагын тогтолцоо яам, сум гэсэн удирдлага, зохион байгуулалтын бүтэцтэй байгаа бөгөөд бодлогыг хэрэгжүүлэгч яам бүх сумдад хүрч ажиллах боломж, хөрөнгө санхүү, хүн хүч дутмаг учир хэрэгжилтэд хяналт тавих, аймгийн үйлдвэрийн хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор хариуцлагын босоо тогтолцоонд тулгуурлан оновчтой болгох шаардлага тулгарч байна. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах, борлуулалтын  сүлжээг дэмжих, сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай  байгаа юм. Иймд сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэн сайжруулах, эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгож үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, сангийн үйл ажиллагааг тайлагнах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс журмыг шинэчлэн боловсруулсан байна.


Товч мэдээ

  • Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2016 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 3-нд Япон Улсад айлчилсан дүнгийн талаар танилцууллаа.
  • Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн 2016 оны 2 дугаар сарын 22-26-нд БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын дүнг танилцууллаа.
  • “Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталлаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА