Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 209.4 мянган эх мал төллөж 204.7 мянган төл хүлээн аваад байна. Үүнээс 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй, 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай байгаа нь 2 дугаар сарын 20-ны байдалтай харьцуулахад 38 сумаар, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” байгаа нь 69 сумаар буурсан байна.
№ | Зэрэглэл | 2015.12.31-ны байдлаар | 2016.02.20-ны байдлаар | 2016.03.10-ны байдлаар |
1 | Зудтай | 16 аймгийн 50 сум | 18 аймгийн 98 сум | 17 аймгийн 62 сум |
2 | Зудархуу | 18 аймгийн 97 сум | 20 аймгийн 120 сум | 15 аймгийн 51 сум |
Нийт нутагт эзлэх хувь | 38.1 | 62.4 | 33.9 |
Засгийн газраас 2015 оны 480, 2016 оны 55, 67 дугаар тогтоолууд гарган нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11мянган тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 7.4 мянган тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгох шийдвэр гарган олголоо.
Хаваржилтын хүндэрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар мэдээ, мэдээлэл, танилцуулгаар ханган богино хугацааны буюу яаралтай тусламж, урт хугацааны буюу сэргээн босгох 2 чиглэлээр ажиллаж байна.
Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 8 аймгийн зарим сумын 1800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, 2 сарын хэрэгцээний 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийт 2.7 тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд байна. Дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх 8 аймагт 1850, Дундговь аймагт 250, нийт 2100 ширхэг 54.0 сая төгрөгийн үнэ бүхий малын хашааны дулаалгын хаалт хүргүүлсэн байна.
Швейцарын хөгжлийн агентлагаас Ногоон алт төсөл хэрэгжиж байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 33 смын 9000 малчин өрхөд 450 тн хивэг, 72.0 сая төгрөгийн шатахууны талон нийт 264.0 сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай байгаа тул малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламжийн бэлтгэл хангаж байна.