Алтны экспорт нэг тонноор нэмэгджээ

Яам агентлагаар сонин юутай вэ?

“Яам агентлагаар сонин юутай вэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Уул уурхайн яам болоод Барилга хот байгуулалтын яамнаас ойрын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаас товч мэдээлэл  бэлтгэлээ.

 

Гацууртын ордыг ашиглах шийдвэр гарав

Уул уурхайн яам “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа өчигдөр/2016.03.30/ зохион байгуулсан.  Уул уурхайн салбарт өнгөрсөн хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборложээ. Хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг тус, тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос тус, тус экспортолжээ. Өмнөх хоёрдугаар сард 700 кг алт экспортолж байсан бол энэ сард алтны экспорт нэг тонноор нэмэгдсэн байна.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Ашигт малтмалын газар нийт 5.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол Газрын тосны газар нийт 20.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотод, хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хийсэн байна. Канадын тал орд ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ болон орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтойгоо илэрхийлжээ.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах сурталчлах “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх цэвдэгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авагдах аж.

Барилгын тусгай зөвшөөрөл авах журмыг хөнгөвчилжээ

Шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн хэрэгжилт, дагаж мөрдөх дүрэм журам болон барилга, орон сууцны зах зээлийн талаарх мэдээллийг барилгын салбарын ААН, бизнес эрхлэгчдэд өгөх зорилгоор БХБЯ, МҮХАҮТ, “Барилга.МН” хамтран “Барилгын салбарын эрх зүй ба зах зээл” сэдэвт уулзалтыг  өчигдөр зохион байгуулсан. Барилгын тухай шинэчлэн батлагдсан хуульд барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн гэдгийг тус яамнаас мэдэгдсэн байна. Мөн  барилгын ажлын тусгай зөвшөөрөл олгоход 2008 онд батлагдсан хуулиар  505 өдөр, 124 гарын үсэг авдаг байсныг уг хуулиар 56 өдрийн дотор 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна.

Мөн Барилгын салбарт ажиллаж буй 95  мянга гаруй  ажилтан даатгалд хамрагдах  боломжтой болох юм. Түүнчлэн захиалагч нь, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг даатгуулахыг шаардах эрхтэй зэрэг олон шинэчлэл уг хуулиар хийгджээ. Ингэснээр барилгын компаниудын хариуцлагыг илүү нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэгт оруулж, барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, хамгаалалтын горим тогтоох үйл ажиллагааг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хариуцахаас эхлээд олон шинэчлэл уг хуулинд тусгасан байна.