Төмөртэй, Хандгайтын төмөр замаар анхны барааг тээвэрлэв

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замыг энэ сарын 3-ны өдөр нээж, анхны тээвэр хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Төмөртэй-Хандгайтын төмөр замыг ийнхүү үндэсний компанид шилжүүлэн өгчээ.

Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дугаар тогтоолын дагуу “Кью Эс Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэхүү төмөр замыг барьж дууссан байна. Тус төмөр зам нь ачиж буулгах гурван терминаль, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол, холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор бөгөөд нэг жил гаруй хугацаанд барьж, байгуулснаараа онцлог юм.

“Монголын төмөр зам” ТӨХК-иас тээвэрлэлтийн үйл ажиллагааг нээж, өөрийн эзэмшлийн ачааны хагас вагоны анхны цуваагаар төмрийн хүдэр тээвэрлэсэн юм. Төмөртэйн ордоос энэ жил нэг сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилготой аж.

Энэхүү бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчаар “Кью Эс Си” ХХК, үндсэн гүйцэтгэгчээр “Монголиан Рэйлвэй Корпорэйшн” ХХК, “Пик Девелопмент” ХХК, “Хөтөл керамзит” ХХК, “Максимал” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, Төмөртэй-Хандгайтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулжээ.