Таван Толгойн хувьцаатай холбоотой 5 боломж

Газрын доороо долоон тэрбум тоннын коксжих нүүрсний хамгийн том орд болох Тавантолгойг түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 1072 ширхэгийг иргэн бүртээ эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл хувьцаагаа мөнгөжүүлэх шийдвэр Шийдлийн Засгийн газар гаргаад байгаа бөгөөд хувьцаагаа зарна гэж арилжааны банкинд хандсан хүмүүсийн мөнгө өнөөдрөөс дансанд нь орно.

Засгийн газар иргэдээс “Эрдэнэс Тавантолгой”-н 333 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдан авч, ингэснээр эдийн засагт шинээр 300-400 гаруй тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийхээр хүлээлт үүссэн. Энэ талаарх дарамтыг олон хүн шүүмжилж байгаа бол эерэг боломж юу вэ?

НЭГ

Эдийн засгийн хямрал  худалдаа үйлчилгээний салбарт хүндээр тусч байгааг энд тэндгүй наасан лангуу  зарна, дэлгүүр түрээслэнэ гэсэн зараас харж болохоор. Ипотекийн зээлэнд хамрагдсан иргэд хэрэгцээгээ хумихын хэрээр нөгөө талдаа худалдаа үйлчилгээний орлого муудаж, ажлын байрны цомхотгол ч явагдах болсон нь худлаа биш.

Тоон мэдээг сонирховол 2016 оны нэгдүгээр улирлыг өмнөх оны мөн үетэй нь харьцуулбал бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар -5.3 хувиар, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбар -2.6 хувиар тус тус агшсан байна. Харин үйлчилгээний салбар 2015 онд -13.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Иргэдээр дамжиж эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээр агшилт бүхий худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил, өсөлтөд эерэг нөлөөлөл бий болно. Худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил сайжрахтай уялдан эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөллүүд харагдана.

ХОЁР

Хувьцааг мөнгөжүүлснээр өрхийн хэрэглээнд хэрхэн нөлөөлөх вэ. Монголын эдийн засагт дотоод эрэлт хумигдсантай холбоотойгоор өрхийн хэрэглээ 2016 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс -1.6 хувиар буурсан бол эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр өрхийн буюу хувийн хэрэглээ өснө. Өрхийн хэрэглээ өссөнөөр нийт эдийн засагт эерэг хандлага бий болноэ.

ГУРАВ

Хятадын эдийн засгийн саармагжилт, дэлхийн эрдэс баялгийн зах зээлд нүүрлэсэн үнийн уналт Монголыг тойроогүй. Үүнээс болж, жижиг дунд үйлдвэрүүдийн орлого хумигдаж, ажилчдаа цомхотгох цөөлөх бодлого барих болсон. Тэгвэл хувьцааг мөнгөжүүлэх замаар эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмбэл  жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжирч, эдгээр салбарт ажилладаг компаниудын ажлын байр, ажил эрхлэлтэд бодитой дэмжлэг болж чадна. Ингэснээр ажилгүйдэл өсөх эрсдэлийг бууруулж, ажил эрхлэлтийг тогтвортой хадгалахад дэм болно гэж эдийн засагчид тайлбарлаж байн.

ДӨРӨВ

Санхүүгийн салбар, зээлийн эргэн төлөлтөд Засгийн газраас өгч байгаа “бэлэг”  яаж нөлөөлөх вэ? Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа 13 банк, дотоодын санхүүгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 150 банк бус санхүүгийн байгууллага байдаг. Эдгээр байгуулланыг зээлийн эргэн төлөлт, активын чанарт эергээр нөлөөлнө. Ингэснээр иргэд, хувийн хэвшилд шинээр зээл олгоход зориулагдах санхүүгийн эх үүсвэрүүд чөлөөлөгдөж, хэмжээ нь нэмэгдэнэ.

ТАВ

Хамгийн сүүлийн асуулт. Хувьцааг мөнгөжүүлэх нь макро эдийн засагт дарамт болох уу,  Тэгвэг энэ асуултад албаны хүмүүс “Үгүй” гэж хариулж байна.

Дотоодын эрэлт, хэрэглээ буурсан, эдийн засгийн өсөлт саарсан, инфляци нам түвшинд хадгалагдаж байгаа, нийт эдийн засагт мөнгөний нийлүүлэлт дутагдаж байгаа өнөөгийн орчинд иргэдээр дамжиж эдийн засагт шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нь инфляцийг огцом нэмэгдүүлэхгүйгээр нийт эдийн засгийг идэвхжүүлэхэд эергээр нөлөөлөх гэнэ.

Эдийн засагт хоёр янзын хүлээлт үүсгээд байгаа “ЭТТ”-той холбоотой эерэг боломжуудыг тоймлон хүргэхэд нэг иймэрхүү.