Энэ удаагийн сонгуульд нийтдээ 498 хүн өрсөлдөж байгаагийн дотор үндэсний бөхийн аваргууд,тив, дэлхий олимпийн аваргууд, дуучид, жүжигчид, хөтлөгчид гээд салбар, салбарын “төлөөллүүд” хүч үзэхээр шийджээ. Гуч хүрээгүй залуу ч байна, гурван дөрвөн удаа сонгогдсон архаг парламетчид ч цөөнгүй.
Бариандаа ойртох тусмаа улам бүр хов, хор найруулан хурдлах нэр дэвшигчид дотор балиашиглачих хүн зарим тойргийн сонгогчдод олдохгүй байгаагаа учирлаж сууна. Гэхдээ, одоо яалтай. Хичнээн дургүй байлаа ч жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ. Тиймээс огт сонгуульд оролцохгүй, төр барилцах эрхээ эдлэхгүй бол бид өөрсдөө хохирно. Дараа нь хэн нэгнийг буруутгахаасаа илүү өнөөдөр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 18 насанд хүргэн иргэн хэн боловч сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч, судалгаанаас харахад сонгуулийн санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-35 хүртэлх насны оюутан, залуус байдгийг судалгаагаар тогтоожээ. Гэтэл энэ насныхан нийт сонгогчдын 50.4 хувийг эзэлдэг байна. Судалгааны дүнгээс харахад 18-35 хүртэлх насны залуусын 20 орчим хувь, 18-25 хүртэлх насныхны ердөө 10 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн дүн гарчээ. Нийт сонгогчдын тал хувийг бүрдүүлж байгаа залуучуудын идэвх, оролцооноос бүх зүйл шалтгаална.
Мэдээж, сонгох хүн олдохгүй, нэр дэвшигчид таалагдахгүй байж болно. Тэглээ гээд сонгууль өгөхгүй байх нь эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр биш. Харин ч сонгуульдаа идэвхтэй оролцож төр барилцахад нэмэр болохгүй юм аа гэхнээ ядаж гай болохгүй нэгнийг сонгох эрх танд нээлттэй байна. Эдийн засгаа аврах уу, алах уу гэдэг сонголтыг хийх хамгийн хүнд бөгөөд өндөр хариуцлага сонгогч танд оногдож байна. Ялангуяа нийт сонгогчдын тал хагасыг эзэлж байгаа залуус төр барих онцгой эрхээ эдлэхгүй бол ирцээр бойкотолдог үе ард хоцорсон. Учир нь өмнө нь тойргийнхоо 51 хувийн саналаар УИХ-д гарах боломжтой байсан бол энэ удаагийн сонгуульд тойргийн ирц 35 хувьд хүрч байвал сонгуульд явагдсанд хүчинтэй тооцохоор болсон.
Ийнхүү дөрвөн жилд нэг удаа оногддог эрхээ эдэл. Сонго, шүүмжил. Хэнийг сонгож, хэнийг намнах бүх эрх таны гарт байна. Сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд сонгогч та “ХААН” билээ.