Хэвтрийн эдийн засгийг хэзээ босгох вэ?

УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН эрх мэдлийнхээ хуваалт, хуваарилалтыг хийж эхлээд байна. Гэхдээ эрх мэдэлд хүрэх сайхан ч эдийн засгаа хямралаас гаргах том даалгавар тэднийг хүлээж буйг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Ингээд хамгийн эхний статистик үзүүлэлтүүдийг сонирхуулъя.

Төсвийн алдагдал 1.1 их наяд

Улсны төсвийн алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд хүрээд байна. Энэ төлөвлөж байсан алдагдлаас 300 тэрбумаар илүү гарсан гэсэн үг юм. Төсвийн алдагдлыг нөхөх боломж одоогоор харагдахгүй байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүйн дээр экспортын орлого сараас сард муудсаар байгаа юм.

Экспортын орлого 177.3 сая ам.доллараар буурчээ

Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 177.3 сая ам.доллараар буурчээ. Экспортын орлого 7.6 хувиар буурахад уул уурхайн салбарын уналт нөлөөлсөн байна. элхийн зах зээл дээрх 1 унц алтны сарын дундаж үнэ 2016 оны өнгөрсөн зургадугаар сард 1,264 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 7, өнгөрсөн сараас нэг хувиар өссөн байна. Харин А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс 4,642 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20, өнгөрсөн сартай нэг хувиар тус буурсан байна. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ зургадугаар сард 30 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 29 хувиар, өмнөх сараас 3 хувиар тус тус буурсан байна.

Импортын худалдаа буурлаа

Импортын гадаад худалдаа 2016 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-иар буюу 339.6 сая ам.доллараар буурсан байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 27%-иар буюу 186.8 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 831.8 тэрбум

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 6 дугаар сарын эцэст 831.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 53.9 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 228.0 тэрбум төгрөг буюу 37.7 хувиар өсчээ.

Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Монголын эдийн засаг тун хунд үе дээрээ байна. Хэрэв энэ янзаараа удвал, эрх баригчдын зүгээс ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх намар гэхэд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болно гэдгийг хэлэх албаны хүмүүс байна. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдах юм бол Монголын эдийн засаг “борцлогдоно” гэж хэлэх хүн ч бий.

Ямар ч байсан Ж.Эрдэнэбатын танхим үүрэгт ажилдаа ороод долоо ч хоноогүй байгаа. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын танхимаас монголчууд эдийн засгаа хямралаас гаргана гэсэн том найдлага тавьж байгаа юм.

Харин эдийн засагчдын зүгээс ирэх хоёр жил эдийн засаг тун хүнд байдалд байна гэдгийг анхааруулах болсон билээ. Энэ хүнд үед Ж.Эрдэнэбатын танхим ачааны хүндийг үүрч чадах эсэхийг ард түмэн харах л үлдэж байна.