Д. Ангар: Ипотекийн зээлээс болж эдийн засаг дампуурлын ирмэгт ирлээ

Эдийн засагч, “Новел фанд” компанийн захирал Д.Ангартай ипотекийн зээл болон долларын ханшийн өсөлт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцохоор бэлтгэж байгаа гэл үү?

-Тийм ээ. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар би хоёр жил шахуу ажилласан. Дээр нь үнэт цаас, брокер, диллерийн мэдлэг туршлагадаа тулгуурлан компаниа байгуулаад хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож энэ онд болох хөрөнгийн биржийн хувьчлалд оролцохоор сэтгэл шулуудан ажиллаж байна.

-Монголбанк хувийн байгууллагатай хамтран ипотекийн зээлийг гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн утгатай зүйлийг та нүүр хуудсандаа өгүүлсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэдээ орон сууцжуулах нь төрийн хийх ёстой ажил. Гэхдээ үүнийг төр Үндсэн хуульд олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд хийх ёстой. Өөрөөр хэлбэл бодлогын хүрээнд дэмжиж бизнесийн орчныг нь зөв болгох, хувийн хэвшилийнхний бизнес хийх нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой  байсан. Гэтэл тэгсэнгүй. Хэдэн жилийн өмнөөс ипотекийн найман хувийн зээл идэвхтэй хэрэгжиж нааштай үр дагавар гарсан нь үнэн. Жишээлбэл 78 мянган иргэн зээлийн орон сууцанд орсон байна. Ипотекийн зээлийн нийт хэмжээ 3,5 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг талаар зорилгодоо хүрсэн юм шиг харагдаж байна. Нөгөө талаар үүнийг буруу хэрэгжүүлснээр гарсан муу үр дагавар, төлөөс нь их байна.

Ипотекийн зээл гэдэг бол монголчууд анхлан гаргаад зохиочихсон зүйл биш, АНУ-д анх гараад Англи,  Европ, Ази гээд бүх л улсад хэрэгжээд ирсэн. Энэ маань хөрөнгө оруулалт учраас хуримтлалаар юм уу, гадна дотноос шинэ хөрөнгө оруулалт орж ирж байж систем нь зөв эргэлдэх ёстой. Гэтэл манайд Монголбанк зүгээр л мөнгө хэвлээд тараачихсан. Засгийн газрынх нь үнэт цаас 15 хувьтай байхад ямар банк найман хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалтад мөнгөө оруулах юм бэ. Үүнийг иргэд ойлгохгүй л дээ. Арилжааны банкууд л мөнгөө гаргаад хийдэг юм байлгүй дээ. Үүнийг нь Монголын ипотекийн корпорац гэдэг компани үнэт цаасжуулаад олон нийтээс хөрөнгө мөнгө татаад хийдэг юм байлгүй дээ гэж бодно.  Гэтэл санхүүгийн механизмыг нь нарийн судлаад үзэх юм бол төрийн мөнгийг гуравдагч этгээдэд түр дамжуулсан болоод сул эргэлдүүлж байгаа юм.

-Юу гэсэн үг вэ?

-Нарийнаар тайлбаралвал иргэн банкинд очоод зээл хүснэ. Тэр мөнгийг нь Монголбанкнаас урьдчилж гаргаж байгаа гэсэн үг. Иргэн Доржийн 30 сая төгрөгийн ипотекийн зээлийг нь арилжааны банкууд биш Монголбанк урдчилаад гаргачихаж байгаа юм. Тэр олгосон зээлийг нь Монголын ипотекийн корпорац гэж нэг хиймэл бүтэц Монголбанкны мөнгөөр худалдаж аваад буцаагаад зарчихаж байгаа юм. Эцсийн санхүүжүүлэгч нь Монголбанк болж байгаа биз. Монголбанк гэдэг нь хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага биш шүү дээ. Гэтэл ипотекийн зээлд олгосон гурван их наяд төгрөгийг санхүүжүүлэгч нь Монголбанк болчихоод байна. Дунд нь Монголын Ипотекийн корпорац гээд хүний толгой эргүүлсэн бүтэц яваад байгаа болохоос МИК-ийн санхүүжүүлсэн нэг ч төгрөгийн ипотекийн зээл байхгүй. Ипотекийн зээлийг Монголбанкнаас өөр худалдан авсан газар байхгүй. арилжааны банкуудын авсан зээлийг багцалж байгаад үнэт цаасжуулаад ипотекийн зээл болгоод зардаг гэж гоёор яриад байгаа МИК-ын ганц худалдан авагч нь Монголбанк. Монголбанк нь бизнесийн юм уу хөрөнгө оруулагч байгууллага биш учраас зүгээр л мөнгө хэвлээд л өгчихөж байгаа юм.

-Монголын ипотекийн корпорац буюу МИК гэж чухам ямар байгууллага юм бэ?

-МИК гэдэг нь хувийн аж ахуйн нэгж. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны 60 хувийн төлөөлөлтэй хувийн байгууллага.

-Монголбанк зүгээр л төгрөг хэвлээд ипотекийг санхүүжүүлээд байгаа болохоор төгрөгийн ханш унаад байна гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Үүний оронд эдийн засагт аль хэдийнэ байсан хуримтлалаа ашиглах юм уу шинэ хөрөнгө оруулалт орсон бол эдийн засгийн тогтолцоо нь зөв явах байсан. Гэтэл гаднаас мөнгө орж ирэхгүй, хуримтлалаа эргэлдүүлэхгүйгээр зүгээр л Монголбанк цаас хэвлээд л тараагаад байхаар эдийн засаг дахь гадаад валют, төгрөг хоёрын харьцаа алдагдсан. Долларын ханш өссөн. Монголбанк үүнийг тайлбарлахдаа гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Оюутолгой зогссон гээд байдаг. Магадгүй ийм нөхцөлүүд байгаа. Гэхдээ долларыг  1200-аас 2000-д хүргэсэн гол этгээд нь Монгол банк өөрөө. Гаднаас валют орж ирээгүй хов хоосон эдийн засаг дээрээ зүгээр л цаас хэвлэж нийлүүлээд байна.

-Энэ тэгээд хууль зөрчсөн үйлдэл үү?

-Монголбанк гэдэг маань төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ёстой бүтэц. Төв банкны тухай хуулийн 4.1-д тодорхой  заасан байдаг. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг  хангана гэж. Ханш өсөх буурах гээгүй, тогтвортой байх гэсэн байгаа биз. Тогтвортой байвал төв банк ажлаа зөв хийж байна гэсэн үг. Гэтэл 30-40 хувиар төгрөгийн ханш савлачихаар Монголбанк маань өөрөө ажлаа зөв хийхгүй байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд хэдэн их наяд, ипотекийн зээл гээд хэдэн их наядыг хоосон эдийн засаг дээрээ хэвлээд оруулчихаар ямар сайн байх вэ.  78 мянган иргэн найман хувийн зээлийн байранд ороод хожсон байж. Нөгөө талд нь гурван сая иргэн маань нийтээр хохирчихоод байна. Чиний халаасанд байсан 100 мянган төгрөг хуучин 100 доллар байх байсан бол одоо 60 доллар болчихож байгаа юм. Энэ жаахан хүүхэд шүү гэж ялгахгүй бүгдийнх нь мөнгөнөөс хумсалчихаж байгаа юм. 78 мянган иргэнийг байртай болгох гэж хэвлэж тараасан мөнгийг бид бүх нийтээрээ төлж байна.

-Ипотекийн зээлээс МИК ямар ашиг хүртдэг юм бэ?

-МИК гэдэг нь төрийн мөнгийг буцаагаад төрд нь ямар ч эрсдэлгүйгээр зуучилсаныхаа төлөө хоёр хувийн шимтгэл авч байгаа юм. Хоёр их наяд төгрөгийн зээл гарсан гэж бодоход сүүлийн хоёр жилд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Дүрмийн сан нь ердөө 200 сая төгрөгөөр байгуулсан. 200 сая төгрөгийн дүрмийн сантай компани хэдэн мянгаараа дампуурч байхад нэг компани л 40 тэрбумын ашигтай ажиллаж байна. Үүнийг Монголбанк зүгээр л хүчээр санхүүжүүлж байна.

-Монголбанк МИК-ээс бас ашиг хүртээд яваад байгаа юм уу?

-Монголбанк МИК гэж хувийн бүтэц байгуулаад, өөрөө хувьцаа эзэмшээд түүндээ оролцоод бизнес хийгээд яваад байгаа. Монголбанк Монголын төрийн эдийн засгийн цорын ганц институц, мөнгөний бодлогыг баригч. Эдийн засгийн гол бодлогыг тодорхойлогч. Гэтэл хэдэн нөхөдтэй нийлчихээд  бизнес хийгээд байгаа юм. Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйл буюу хориглох зүйлд “Ашиг олох зорилгоор хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг хориглоно” гэсэн байгаа. Ипотек гэдэг маань цаанаа үл хөдлөх хөрөнгийн асуудал явж байгаа. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаагаас ялгаагүй. Мөн хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулахыг хориглоно гэж байгаа. Гэтэл МИК гэж хувийн аж ахуйн нэгжийн 10 хувийн эзэмшигч болоод 40 тэрбумын дөрвөн тэрбумыг нь аваад ашиг олоод явж байна.

-Тэгэхээр найман хувийн зээл тав болвол төгрөгийн ханш улам унана гэсэн үг үү?

-Одоо бүр таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно гээд байгаа. Ямар ч ялгаагүй. Ахиад л мөнгө нэмж хэвлэнэ л гэсэн үг. Сая Үндсэн хуулийн дүгнэлтээс болж ипотекийн зээл нэг хэсэг царцсан. Үүний дараа эдийн засагт Монголбанкнаас дахиад мөнгө нэмж хэвлэх юм байна гэсэн хүлээлт үүссэн. Тогтвортой байсан долларын ханш ахиад л өссөн. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой Монголбанк маань өөрөө ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон “Бид мөнгө хэвлэнэ” гэж зарлаад төгрөгийн ханшийн тогтворгүй байдал үүсгээд байна. Америкт ч бай, Англид ч бай төв банк нь зөвхөн зах зээлээ аврах гарцаагүй нөхцөлд, дампуурах нь гарцаагүй болсон үед ипотекийн зээлийг худалдаж авч эдийн засгаа авардаг. Түүнээс зүв зүгээр байсан зах зээлийг шууд дампууруулах нөхцөлд оруулах нь буруу. Найман хувийн ипотекийн зээлээс болж эдийн засаг дампуурлын ирмэгт ирчихээд байна. Найман хувийн зээл гэж баахан компаниудыг хөөргөж үнэтэй материалаар байшин бариулаад өнөөх байшинг нь худалдаж авах хүнгүй болчихсон. Барьсан байшинд нь эдийн засгийн хуримтлал маань ороод царцчихсан. Үүнээс нь банкны салбар ч хожсонгүй. Жилийн эцсийн банкны салбаруудын тайлангаар банкууд маш муудсан байна. Чанаргүй зээл нэмэгдсэн байна. Арилжааны банкны активаас нэгхэн жилийн дотор нэг тэрбум төгрөг байхгүй болчихсон байна.

-Одоо тэгвэл яах ёстой вэ?

-Үндсэн хуулиараа ардчилал, хувь хүний өмч, бизнес, үр ашигт суурилсан зах зээлийн эдийн засгийг сонгосон. Гэтэл одоо төрийн оролцоотойгоор бүх юм нь хөдөлдөг, төр байхгүй бол зогсчихдог болсон. Нэг үгээр хэлбэл Хойд Солонгос шиг болоод байна. Зах зээлийн зарчмаар явах ёстой юмыг төр хүчээр нэг араа соёог нь буруу эргүүлээд байхаар энэ эдийн засаг гацаад, нурах болно. Тээгхээр эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах ёстой. Төр бол зөвхөн бодлогын хэмжээнд чиглэл гаргадаг, бодлого гаргадаг, татварын таатай, таагүй орчин бий болгодог, татаас ч юм уу өөр хөшүүргээр дэмждэг байх ёстой. Гэхдээ Монголбанк шиг 3-4 их наяд буюу эдийн засгийнхаа 20-30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нэг жилд тараачихдаг байж болохгүй.

-Эцсийн дүндээ найман хувийн ипотекийн зээл гаргах нь дэмий байсан юм гэж та хэлэх гээд байна уу?

-78 мянган хүнийг орон сууцанд оруулсан нь үнэн боловч харамсалтай нь найман хувийн зээлийг гаргах нь дэмий ч байсан байж болох. Эдийн засагт хөөсрөл үүсгэсэн. Энэ зээлээс нэг ч хүн хожоогүй. Харин гурван саяулаа хохирсон. Хөрөнгө оруулалтаар юм уу хуримтлалаар хийсэн бол ашигтай. Найман хувийн зээл эхлэхээс өмнө байрны метр квадратын үнэ хэд байсан. Одоо хэд болчихоод байна. Ашиггүй шахуу байгаа биз.

Ц.Мөнх