УБТЗ 1998 оноос хойш жилдээ онцгой албан татварт 2-4 тэрбум төгрөгийн татвар төлж ирсэн бол 2015 онд 2.4 тэрбум, 2015 онд 21 тэрбум төгрөг хүртэл огцом өсчээ. Шалтгаан нь УИХ онцгой албан татварыг 15 дахин нэмсэнтэй холбоотой. Энэ бүхнээс үүдэн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 36 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх ёстой болжээ.
1998 онд УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Р.Раш санхүүгийн хүнд байдалд орсон засгийн газрын хүсэлтэнд нааштай хандан Оросын тал, ерөнхий хороонд танилцуулалгүй асуудлыг хэл амгүй зохицуулжээ. Түүнээс хойш ажиллаж байсан замын дарга нар Монгол төрдөө татвар төлж эдийн засагт бодит хувь нэмэр оруулах үйлсийг үргэлжлүүлсэн. Гэвч эцэстээ онцгой албан татварыг хэд дахин нэмсэн УИХ-ын шийдвэр байгууллагын санхүүг доголдуулан Оросын элчин сайдын яаманд яригдаж, асуудлыг олон улсын харилцааны түвшинд “амжилттай” гаргалаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин дотны хүмүүсдээ Монгол улсыг “недоговороспособная страна” гэж нэрлэсэн гэдэг. Үүнийг нь хөрвүүлвэл ” тохироо хийж чаддаггүй”, “хэлсэн үгэндээ байдаггүй” улс гэж ойлгож болох юм.
Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа оросын талыг, тухайлбал “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн тэр үеийн ерөнхийлөгч В.И.Якуниныг Таван толгойн ордыг эзэмшүүлнэ, Цогтцэций сумаас Сайншанд хүртэл төмөр зам бариулна гэх мэтээр олон хоосон амлалт өгсөн санамж бичгүүдийг зурсан.
Дараа нь Му-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны зун болсон Санкт Петербургийн эдийн засгийн форумын үеээр В.В. Путинд биечлэн амлалт өгсөн. Гэхдээ онцгой татвараас чөлөөлөх түр горим гэдэг байдлаар шийдвэр ч гэж нэрлэхэд хэцүү юм гаргаад өнгөрсөн. Асуудал нь онцгой татварын хэдэн төгрөгтөө биш. 36 тэрбум уу, 72 тэрбум уу онц ялгаа байхгүй. Гол нь бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд байна.
Түүхийн санамж гэдэг нэг зүйл байдаг. 1949 онд “УБТЗ” ХНН-ийг байгуулсан хэлэлцээрийн дагуу ЗСБНХУ бүх хөрөнгийг гаргаж, БНМАУ төмөр замын зурвас газар дээр нэмэх нь 10 мянган га газар “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд бүрмөсөн өгсөн. Дашрамд хэлэхэд энэ хөрөнгө оруулалт гэж өгсөн газраа өнөөг хүртэл гэрчилгээжүүлээгүй байгаа. Энэ нь төмөр замын олон дарга нар, манай олон бизнесменүүдийн идээш болж ирсэн. Хамгийн сүүлийн жишээ нь гэхэд “УБТЗ”-ын спорт хорооны баруун талд шөнөөр барилгын ажил явагдаж байгаа. Энэ нь олон жил төмөр замын дарга байсан хүний хүргэн гэгдэх хүн бариулж байгаа мэдээлэл бий. Зөвхөн олон улсын гэрээнд заасан зүйлээс хэрхэн хумслаж байгаагийн жижиг жишээ.
Улсдаа татвар төлдөггүй нэртэй ч эдийн засгийн амин судлуудыг тогтвортой байлгахын төлөө УБТЗ жил бүр их хэмжээний алдагдал хүлээдэг. Үүнийг Засгийн газар ч сурталчилдаггүй, ард түмэн ч мэддэггүй. УБТЗ 1949 оны олон улсын гэрээгээр өөрийн үнэ тарифыг Ерөнхий хороогоороо дамжуулан бие даан шийдвэрлэх онцгой эрхтэй. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “бидэнд мэдэгдэлгүй тарифаа нэмэгдүүлсэн тул УБТЗ-ыг 1.8 тэрбум төгрөгөөр торголоо” гэж зарласан. Геополитикийн чухал нөлөөтэй, ОХУ-ын засгийн газрын хараа хяналтаас гадуур өнгөрдөггүй УБТЗ-ыг торгох энэ шийдвэр Монгол-Оросын харилцаанд сэв суулгасан нь нууц биш. Татвар төлдөггүй гэж та бидний ад үзэж ирсэн УБТЗ байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн. Тухайлбал:
1. УБТЗ нүүрс тээврээс жилд 19 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. 2015 оны 12 сар хүртэл нүүрс тээврээс орж ирдэг орлого нь зарлагынхаа 56%-ийг л нөхдөг байв. Өөрөөр хэлбэл огт ашиг яригдахгүй шууд 44%-ийн алдагдлыг УБТЗ хариуцна. Харин 2016 оны 01 сараас эхлэн зарлагын 80% болгон нэмэгдүүлсэн байна. Огт ашиг олохгүй зөвхөн алдагдал болдог энэ тээврийн зорилго улс орны стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, дулааны үнийг тогтвортой байлгахын тулд ДЦС, уурхайдыг дэмжихэд чиглэдэг. Монгол Улсын нийт иргэдийн хэрэглэх цахилгаан, дулааны төлөө УБТЗ энэ ачааллыг үүрдэг юм.
2. УБТЗ автозамын тээвэртэй өрсөлдөх, иргэдийн амьжиргааны түвшин аюулгүй байдлын төлөө зорчигч тээврийн үнийг тогтвортой хадгалж ирсэн. Улмаар зорчигч тээврийн үйлчилгээнээс жилд 16-25 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээн ажилладаг юм. Хөрш орнууд, ижил түвшний улсуудтай харьцуулахад манай тээврийн үнэ 40-62% хямд байна.
3. УБТЗ нийгмийн чанартай сургууль, цэцэрлэг, эмнэлэг г.м байгууллагын зардлыг хариуцаж ирсэн. Хөрөнгө оруулалт нь хамаарахгүй зөвхөн урсгал зардлаар жилдээ 9 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Нийгмийн салбарын ажилчдын тоо 9000 давсан бол УБТЗ-ын нийт ажилчдын тоо 14.000 байна. Тээвэр хийж байгаа 1 хүн дэргэдээ тээвэр хийдэггүй 2 хүнийг тэжээж яваа нь ганц олж буй төмрийн хүдрийн тээврийнхээ өгөөжийг “идчихдэг”. Ингэснээрээ төмрийн хүдрийн тээврийн үнийг буулгаж чадахгүй байгаа юм. Уг нь нийгмийн чанартай зардлуудыг улсын мэдэлд өгчихвөл УБТЗ тээвэртээ гол анхаарлаа хандуулан санхүүгийн хувьд бүрэн хүчирхэгжих боломжтой.
4. УБТЗ төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй нийт аж ахуй нэгжид хамгийн хүнд цохилтыг ханшийн зөрүү авчирдаг. Ханшийн зөрүүнээс үүдсэн алдагдлын хэмжээ 16 тэрбум төгрөгт хүрсэн ч УБТЗ асуудлаа үүрэн албан хаагчдынхаа цалинг хугацаандаа тавьсаар явна.
Гэх мэтээр тоочвол Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” 60 гаруй тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт шууд үлдээж байна.
Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүд зөвшилцөн “Эдийн засгийн коридор”, засгийн газруудын түвшинд “Талын зам”, “Торгоны зам” олон гэрээ хэлэлцээр хэлцэл өрнөж байна. Гэтэл Монгол төрийн эрх баригчид олон улсын гэрээ хэлэлцээрээс давсан шийдвэрийг ээлж дараалан гарган хамтарсан үйлдвэрийн эрх ашгийг ноцтой хөндлөө. Жилд авах 36 тэрбум төгрөгийн онцгой албан татвар, Монгол төрийн тогтворгүй байдлаас үүдэн ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх “Роснефть” компанийн ачаа, бусад олон транзит тээврийг Казахстаны болон Манжуурын төмөр замаар явуулах яриа хэлэлцээрийг хойд хөрш эхлүүлчихлээ. Транзит тээврийн орлогын 40% цэвэр ашиг болж үлддэг гэвэл Монголчууд бид жилд олох 90-150 тэрбум төгрөгөөс татгалзаж байна.
УБТЗ транзит тээврийн орлогогүй болвол хэнд ашигтай вэ? БНХАУ руу төмрийн хүдэр экспортлогч “Болд төмөр Ерөө гол” ХХК-д нэн тустай. Транзит тээвэр, төмрийн хүдрийн тээвэр гэсэн 2-хон эх үүсвэрээс орлого олж буй УБТЗ энэ компанийн эзний хараа хяналтанд орно. 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон тэрбумтан Б.Дэлгэрсайхан чухам үүнийг л хүсч байна. Харин УБТЗ-ын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн, транзит тээврийн ирээдүйн төлөө ОХУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён К.И.Азизов УИХ-ын дарга М.Энхболдтой яаравчлан уулзсан. Үр дүнг харах үлдлээ.