Монгол нүүрсний үнэгүйдэл ба хөршүүдийн сонирхол

Асар хямд үнэтэй монгол нүүрс манай нэг хөрш ОХУ-ыг айлгах хэмжээнд хүрчээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өсч, 200 ам.доллар давчихаад байхад Монголын говийн чанар сайтай коксжсон нүүрсний үнэ ердөө 27 ам.доллар байгааг оросууд анхаарлынхаа гадуур үлдээсэнгүй. Тус улсын Байгалийн монополийн хүрээлэнгийн албан ёсны цахим хуудас болох ipem.ruд өнгөрсөн долоо хоногт нэгэн нийтлэл гарсан юм. “Монголын шинэ Засгийн газар Өмнөговийн Тавантолгойн 7,5 тэрбум тонн коксжсон нүүрстэй асар том ордын ашиглалтыг эржимжүүлэхээр төлөвлөж байгаа нь тодорхой боллоо. Сүүлийн жилүүдэд валютын хомсдолд байгаа Улаанбаатар, үндэсний Erdenes Tavan Tolgoi (ETT) ба Хятадын төрийн Shenhua Group, Японы Sumitomo Corp-тай хэлэлцээрээ идэвхжүүлж эхэллээ. Дэлхийг хямд коксоор хангахын тулд Монголд дөрвөн тэрбум ам.доллар мөн  Хятадын туршлага хэрэгтэй. Гол хөрөнгө оруулагч болох БНХАУ Монголын говиос л  нүүрс авна. Баяжуулалт хийсэн монгол нүүрсийг тэд Орост ч экспортлохыг үгүйсгэхгүй” хэмээн бичжээ.

ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллагын албан сайтад нийтэлсэн дээрх өгүүлэлд Монголын төр засаг солигдсон нь тус улсын хувьд ашиггүйгээр эргэж байгааг дурдсан нь анхаарал татаж байна. ipem.ru цааш өгүүлэхдээ “Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан саад алга болж байна. Учир нь, өнгөрсөн зургадугаар сарын сонгуулиар хэдэн жилийн турш Sumitomo-Shenhua консорциумтой хийх гэрээнд саад тавьж байсан хүмүүс шинэ парламентад сонгогдсонгүй. Сонгуульд үнэмлэхүй олонх болсон Монгол Ардын нам нүүрсний наймааг явуулах сонирхолтой байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Өгүүлэлд дурдсан “хэдэн жилийн турш Sumitomo-Shenhua консорциумтой хийх гэрээнд саад тавьж байсан хүмүүс” гэж чухам хэнийг хэлээд байна вэ, Монголын биш хөршийн ашиг сонирхлыг хамгаалсан тэрхүү хориг саад нь  юу байв гэсэн асуулт урган гарч байгаа юм. Цаг хугацааг тодорхой бичээгүй ч сүүлийн хэдэн жилийн турш гацсан Тавантолгойн гэрээ хэлэлцээр, тэрхүү гэрээг урагш алхуулахгүйн төлөө санаа нийлэн зүтгэсэн хүмүүсийг багцаагаар тодруулж болохоор байгаа биз. Зургадугаар сарын сонгуулиар дахин сонгогдоогүй төрийн түшээдийг эхнээс нь шүүгээд үзвэл Оросын ашиг сонирхлын төлөө үйлчилсэн эрхмүүд дурайгаад л гараад ирэх биз ээ.  

Ямартай ч монгол нүүрсний үнэгүйдэл Монголд ашиггүй төдийгүй хойд хөршид түгшүүр төрүүлж буй нь тодорхой боллоо. Харин урд хөршийнхөн эсрэгээрээ баярлаж суугаа нь гарцаагүй. Тэдний хувьд үйлдвэрлэлийн  түүхий эдийн үнэ ханшийг өсгөх сонирхол огтоос үгүй нь мэдээж. ОХУ ч угтаа чанар сайтай монгол нүүрсний үнэгүйдлээс илүүтэй үнэ ханшийг нь чангаас чанга атгасан БНХАУ-ын эрдэс баялгийн бодлогоос л эмээж байгаа хэрэг юм. Бээжингийн хатуу гар Монголын говьд лантуу мэт бууж байгаа цагт өмнийн говийн чанар сайтай нүүрс дэлхийн зах зээлд гарна, үнэ ханш нь Австралийнхтай дүйж очно гэдэг үлгэр адил сонсогдож байна.

Статистикаас харахад манай улсын нүүрсний олборлолт, экспорт урьд жилүүдээс өсчээ. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 18,1 сая тонн нүүрс олборлож борлуулснаас 13,7 сая тонныг нь экспортод гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нүүрсний олборлолт 142,5 хувийн өсөлттэй гарсан гэсэн үг. Ноднин бүтэн жилийн турш 15 орчим сая тонн нүүрс олборлож байжээ. Ийн олборлосон нүүрс нэмэгдсэн ч олсон ашиг нь өссөнгүй. Зүүн Цанхийн кокжсон нүүрсний үнэ уурхайн аман дээрээ 27 ам.доллараас өсөхгүй байгаа нь ашиг, орлогод хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Зүүн Цанхийн ханшийг хатуу барьж буй хятадуудын бодлого зэргэлдээх хувийн компаниудыг ч нэрвэж байна. Гаднаас нь харвал монголчууд өвөр зуураа л нүүрснийхээ үнэ ханшаар зодолдоод байгаа мэт зураглал байгаа ч яс юман дээрээ бол Зүүн Цанхийн нүүрсний үнийг өсгөхгүй байх хятадуудын сонирхолд хамаг учир байгаа хэрэг. Урд хөршийнхний атганд багтах болсон шалтгаан “Чалко”-гийн өр. БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Монголын төр 350 сая ам.долларын зээл авч, оронд нь нүүрсээ гаргахаар гэрээ хийсэн нь 2012 он. Тэрхүү гэрээг үзэглэсэн хүмүүс нь одоогийн эрх баригч МАН-ын гишүүд. Тонн тутмыг нь 70 ам.доллараар зарж борлуулахаар хийсэн гэрээг цуцлах шийдвэр гаргаж, нүүрсний үнийг өнөөдрийн төвшинд хүргэсэн нь харин АН-ынхан. Нүүрсний үнэ өссөн хоромхон зуурын жаргалд ташуурч, “Өндөр үнэтэй нүүрсийг хямдаар өглөө” хэмээн гэрээг зогсоож байсан эрхмүүд нүүрсний үнэ буурвал яах вэ гэдгийг тооцоолоогүйгээс бид өнөөдөр нүүрсээ 27-хон ам.доллараар аргадан байж борлуулж байна. Популизмаар ташуур хийсэн төрийн түшээд, хурган дарга нарын буянаар Чалкогийн өрийг төлж дуусаагүй өнөөдөртэй золголоо. Чалкогийн өрийн үлдэгдэл 95 сая ам.доллараар тоологдсон хэвээр.

Хөршүүдийн ашиг сонирхлыг бус улс, эх орныхоо эрх ашгийг илүүд үздэг төрийн түшээдтэй болсон цагт л Монголын нүүрс үнэд хүрэх биз ээ.