Эдийн засаг хумигдах жил айсуй

Монголбанк инфляцийн зорилтот шинэ түвшинг тодорхойлж, 2017-2019 онд хэрэглээний үнийн индексийг жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгахаар зураглав.

Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ирэх оны мөнгөний бодлого үндсэндээ чиглэж байна. Үүнээс гадна макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, эдийн засаг дунд, урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэхэд Төв банк гол анхаарлаа хандуулах нь.

Инфляцийг 2017-2019 онд жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгана

Монголбанк инфляцийн зорилтот шинэ түвшинг тодорхойлж, 2017-2019 онд хэрэглээний үнийн индексийг жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгахаар зурагласан байна. Өнгөрсөн оны өдийд инфляцийг энэ онд долоон хувиас хэтрүүлэхгүй байлгахаар мөнгөний бодлогыг зурж байв. Тэгвэл энэ онд дефляци руу гулссан үзүүлэлтийг инфляци болгох, улмаар найман хувь руу хөтлөх бодлогын арга хэмжээг Төв банк ирэх онд авахаар сонгожээ.

Эдийн засгийн өнөөгийн байдлыг хэвийн горимд шилжүүлэхэд Монголбанкны ирэх оны мөнгөний бодлого чиглэхээр байна. Ингэснээр дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын чанартай арга хэрэгслийг төсвийн бодлоготой уялдуулан нэвтрүүлэх аж. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих юм. Уг төслийг маргааш Мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр зэхжээ.

Төв банк ирэх онд макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн, уян хатан ханшийн бодлого баримтлах нь. Мөн банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар мөнгөний бодлогод тусгажээ. Инфляцийн зорилтыг эс тооцвол өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлого хэвээр үргэлжлэх нь.

Хэрэв ирэх онд инфляцийг найман хувьд хүргэхээр “тунхагласан” бол одоогийн бодлогын хүү буурна гэсэн үг. Харамсалтай нь, голлох зорилтоо гурван жилээр гаргав. Дунд хугацаагаар инфляцийн түвшинг тооцож байгаа нь эдийн засагт болон төсөвт найдаж буйн илрэл гэж хэлж болохоор. Эндээс ирэх онд төсөв болон мөнгөний бодлого хатуу хэвээр, эдийн засаг хумигдах дүр зураг ажиглагдаж байна.

Монголбанкны “онилж” буй инфляцийн дээрх зорилтыг гурван эдийн засагч тутмын хоёр нь хэт ерөнхий гэж үзэж байна. Тэр тусмаа он дамнасан зорилтыг дэвшүүлж байгаа нь мөнгөний бодлого ирэх онд ч хатуу төлөвт хэвээр хадгалагдахаар байгааг нэмж хэллээ.

  •  Өнгөрсөн оны өдийд инфляцийг энэ онд долоон хувиас хэтрүүлэхгүй байлгахаар мөнгөний бодлогыг зурж байв.
  •  Эдийн засгийн өнөөгийн байдлыг хэвийн горимд шилжүүлэхэд Монголбанкны ирэх оны мөнгөний бодлого чиглэхээр байна.
  •  Төв банк ирэх онд макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн, уян хатан ханшийн бодлого баримтлана.

Тоймлон хэлбэл, итгэж болох бодлого гэж таван эдийн засагч тутмын хоёр нь дүгнэж байна. Үлдсэн нь эсрэг саналтай байгаа юм. Монголбанкны ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлээс үзэхэд, ирэх онд Төв банк хатуу төлөвөө хадгалах магадлал өндөр байгааг зарим эдийн засагч хэлж байгаа юм. Тодруулбал, энэ оны наймдугаар сард 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн бодлогын хүү ирэх жил хэвээр үлдэх нь.

Төв банкны зүгээс инфляцийн дунд хугацааны төлөв байдлыг эергээр харж байна. Энэ нь инфляцийг 2017-2019 онд жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгах зорилтоос илэрч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлогод инфляцийн зорилтыг жилээр тодорхойлж ирсэн.

Тэгвэл энэ оны мөнгөний бодлогод инфляцийн зорилтыг гурван жилээр төсөөлжээ. Дөрвөн жилийн өмнө инфляцийг найман хувиас доошгүй түвшинд оруулахаар мөнгөний бодлогын үндсэн чиглэлд зорилт болгон дэвшүүлсэн. Харин энэ удаад хасах утгатай инфляцийг найман хувиас дээшгүй түвшинд хүргэхээр Төв банк зорих нь. Гэхдээ гурван жилийн хугацаагаар зорилтоо гаргасан нь анхаарал татаж байгаа юм.

Б.Баяртогтох