Засгийн газрын /2016.09.28/ өдрийн хуралдаанаар ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан.Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоосон юм.
Түүнчлэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжтой болж байгаа төдийгүй зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах боломж үүсэх юм.
Жишээлбэл, 140 ам.метр кв бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам.метр кв талбайн төлбөрөө ипотекийн найман хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам.метр кв талбайн төлбөрөө бүрэн төлөх боломжийг тусгасан Засгийн газрын тогтоол батлагдсан юм.
ОРОН СУУЦ СОНИРХСОН ИРГЭДИЙН ДУНД ХҮЛЭЭЛТ ҮҮССЭН
“Пума” компанийн Гүйцэтгэх захирал О.Роза:
-Манай компани 100 мянган айлын орон сууц бариад явж байна. Үүний 60 хувийг ашиглалтанд оруулсан ч борлуулж чадахгүй байгаа юм. Үүний зэрэгцээ банк дарам үзүүлж байна. Учир нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг заавал бэлэн мөнгөөр байршуулах шаардлагыг иргэдэд тавьдаг, бэлэглэж өгсөн байрыг барьцаанд авахгүй гэдэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, зээлийн хүүг таван хувь болгоно гэж ярьсан учраас иргэдийн дунд хүлээлт үүссэн. Үүнээс болоод иргэд орон сууц авахгүй байна. Ипотекийн зээлээр 150 ам.метр байраа зарж чадахгүй юм гэхэд 110 ам.метр орон сууцыг найман хувийн зээлд хамруулаад илүү ам.метрийг нь банкны зээлийн хүүгээр өгөх замаар борлуулах хэрэгтэй байдаг. Нэгэнт барилга барьчихсан компаниуд сул зогсоод байна. /2016.09.14/
ЗАСГИЙН ГАЗАР ЭРЭЛТЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГЫГ БАРИХ ХЭРЭГТЭЙ
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:
-Засгийн газар нийт эрэлтээ нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бид нийт эргэлтээ нэмэгдүүлэх гэж байгаа бол орон сууцны ам.метр кв-ыг тодорхой түвшинд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, залуу гэр бүл урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй гэж ярьдаг. Үүнийг шийдвэрлэх гарц нь Зээлийн батлан даалтын сан байх ёстой. Одоогоор Зээлийн батлан даалтын сан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Тус сан зөвхөн жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажиллахаас гадна анх удаа орон сууц авч байгаа иргэдийг дэмжиж ажиллах, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд батлан даалт гаргаж ажиллавал орон сууцны эргэлт нэмэгдэх хандлагатай. /2016.09.21/
ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЭНЭ ОНД ОЛГОЖ ЭХЭЛНЭ
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:
-Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн судалгаагаар 80 ам.метрээс дээш орон сууц авах хүсэлтэй иргэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Иймээс Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Хэдийгээр мөнгөний эх үүсвэр хүнд байгаа ч хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууц зээлээр олгох үүднээс орон сууцны зээлийн дээд хэмжээг 100 ам.метрт хүргэж, үргэлжлэх шаардлагатай гэж үзсэн. 100 ам.метр кв-аас дээш хэмжээтэй орон сууц авах хүсэлтэй хүн илүү мөнгийг өөрөө төлөөд зээлд хамрагдах бололцоотой гэж харж байгаа. Ингэхээр бүх хүмүүс зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм. Зээлийн эх үүсвэрийг Сангийн яам, Монголбанк шийднэ. Бид орон сууцны ипотекийн зээлийг энэ онд багтаан олгож эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанкинд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна.
Ямартай ч орон сууцны зээл Улаанбаатар хотод найман хувь, хөдөө орон нутгийн хувьд найман хувиас арай бага хүүтэй олгогдохоор боллоо. Гэхдээ хөдөө орон нутагт яг хэдэн хувь байхыг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Зээл олголт энэ онд багтаад олгогдож эхэлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд хэлсэн. Тэгвэл дээр хэлсэнчлэн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг заавал бэлэн мөнгөөр байршуулах уу? Бэлэглэж өгсөн байрыг барьцаанд авахгүй гэдэг банкуудын шаардлага өөрчлөгдөх үү? Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж анх удаа орон сууц авч байгаа иргэд, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой юу? гэх мэт асуудал тодорхойгүй үлдлээ.