Казино л мөнгө авчирна

  

Мэргэжлийн Засгийн газраас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулснаа өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн бариад байна.

Макро эдийн засгийг тогтворжуулах болон дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийг багасгах хоёр стратеги бүхий уг төлөвлөгөөнд олон зүйлийг тусгажээ. Засгийн газар үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэн яаралтай УИХ-аар батлуулах хууль, бусад шийдвэрийн жагсаалт бас гаргасан байна.

Мэргэжлийн Засгийн газар ирэх оны төсвийн төслийг өмнөх оны алдагдлыг бууруулсан, төсвийн үндсэн тэнцлийг эерэг төвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Мөн жилийн 1.5 тэрбумаас бага орлоготой дөрвөн чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1.0 хувь болговол орлогынх нь бааз суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм байна.

Активын удирдлагын институцийн тухай хуулийг баталбал Монгол­банк оролцож банкны сис­темийн чанаргүй зээлийн хэмжээг бууруулна.

Төвбанкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж засаглалынх нь бүтцийг олон улсын жишигт хүргэж, Монголбанкны удирдлагын хараат бус байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, тус банкны үйл ажиллагааг илүү тодорхой болгох юм байна. Үндэсний төлбөр тооцооны системийн тухай хуулийг баталбал төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангана. Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь валютын урсгалыг зохицуулах харилцааг сайжруулах, валютын зохиомол эрэлтийг бууруулах ач холбогдолтой.

Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуурт болгох, болзошгүй эрсдлийг үнэлэх, хамгаалах, бодлогын уялдааг хангах институт болгох зорилготой.

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй актив хөрөнгийн зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэх, Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдлийг бууруулж, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулж үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хууль, бусад хуульд нэмэлт өөрчлөлт орууулахад гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой үүсгэсэн хэргүүдийг шийдвэрлэх, цаашид тэднийг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

Түүнчлэн Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль болон Казиногийн тухай хуулийг батлуулж дээрх чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.

Түүнчлэн ирэх хоёр жилд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүү­лэх үндэс суурийг тавих, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх стратегийг боловсруулжээ.

Мэргэжлийн Засгийн газрын энэхүү хөтөлбөр мэдээж хэрэг зохих үр дүнгээ өгч таарна. Мэргэжлийн хүмүүс ажиллаж, шинжлэх ухааны үндэслэл бүхий хөтөлбөр боловсруулсан нь дамжиггүй. Гэхдээ эдийн засагчид, улстөрчдийн дийлэнх нь энэ хөтөлбөрийг хараад нэг л зүйлийг хэлж байна. Тэр нь Монголыг хямралаас гаргах хөтөлбөр боловсруулахаар л гараад ирдэг төдий болсон өнөөх гайхал казиног байгуулах нь зөв гэцгээж байна.

Үнэнийг хэлэхэд казиног монголчууд муугаар нь л “таньдаг” болсон. Өнөөдөр тэр ойлголт тодорхой хүрээнд өөрчлөгдсөн ч нийгмийн дийлэнх хэсэгт өмнөхөөрөө л үлдсэн бололтой юм.

Тээр жил, 1998 онд АН-ын Л.Байгаль, С.Батчулуун, Д.Баттулга нар Казиногийн тухай хуулийн төсөл санаачлаад, улмаар батлуулаад авсан. Малайзын компани тэр эрхийг авч хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлтэл дээрх гурван эрхмийн авлигын хэрэг гэгч босч ирээд казино бүтсэнгүй. Гурван гишүүн шоронд орж, казиногийн хууль хүчингүй болсон.

Дараа нь 2007 онд УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, А.Мурат, Ц.Шаравдорж, Р.Нямсүрэн, К.Сайраан, Р.Гончигдорж, А.Бакей нар Хязгаарлагдмал казиногийн тухай хууль санаачлав. Байнгын хороогоор хэлэлцэж эхлэх үед “Морин нуур”-ын лобби орсон байна гэсээр унагаад авсан. Ингэж Монголд казино байгуулах хоёр дахь оролдлого бүтэлгүйтэв.

2010 он. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Р.Буд, Д.Батбаяр, Батж.Батбаяр, Г.Баярсайхан, З.Алтай нар Казиногийн тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн барив. Мөн л өмнөх шиг гадна, дотнын лобби орлоо гэсээр цааш явсангүй.

Одоогоос жилийн өмнө дөө, Казиногийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газар дэмжсэн. Үндсэндээ энэ хаврын чуулган, чадахгүй бол намар баталчих байх гэсэн үгийг УИХ-ын зарим гишүүн хэлж байв.

Өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас Казиногийн хуулийн төслийг оруулж ирсэн хэрэг.Товчхондоо Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед санаач­лага нь гарч Ч.Сайханбилэгийн Шийд­лийн Засгийн газраас дэмжлэг аваад УИХ-ын шийдлийг хүлээ­сэн хэрэг. Бас л явсангүй.

Ер нь бол казиног эсэргүүцэх улстөрчдийн хувьд нэг их хүнд ажил биш. Тэртэй тэргүй зүүн хойдох хар овоохой болсон казиног эсэргүүцээд гурван үг хэлэхэд л үр дүн нь гараад эхэлнэ. Яагаад гэвэл манайхан бохир мөнгө угаадаг газар, янхандалт, хар тамхины худалдаа казиног дагаж цэцэглэдэг гэж үздэг. Дээрээс нь манай улс мөнгө угаах, хүний наймаа, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн хамгийн том зах зээл Орос, Хятад улсуудтай хиллэдэг гээд шалтаг шантаажийг бол гаргаад л ирнэ.

Гэхдээ бид казиногийн талаарх XX зууны үеийн сэтгэгдлээсээ салах хэрэгтэй байгаа юм. Учир нь казино ашигтай. Ялангуяа уул уурхайгаа  буруу “эргэлдүүлдэг”, бусад салбараас ашиг бараг олдоггүй, өнөөдөр тултлаа хямарчихсан улсад казино шиг хэрэгтэй юм байхгүй гэвэл буруутахгүй. Мөрийтэй тоглоом буюу казино нь дэлхийн хамгийн ашигтай 10 бизнесийн долоод бичигддэг. АНУ л гэхэд казиногоос жилд 33 тэрбум ам.доллар олдог.

Азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн зөвхөн нэг сарын ашиг нь 1.7 тэрбум ам.доллар болдог гэж байгаа. Бидэнд ойрхон гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч улстаа дөрвөн бүст казино байгуулах зарлиг гаргаж тэр нь одоо “галзуу” ашгийг өгдөг болоод байна. Хятадууд Макаогийн казиног улам бүр өргөжүүлэх бодлого барьж буй. Казахстанд  казиногийн тусгай хоёр бүс ажиллаж байна.

Энэ мэтчилэнгээр дэлхий “дэмжээд” байгаа казиног Монголдоо байгуулж ашгийг нь хүртэх цаг хэдийнэ болсон байна.

Манайд хориглоод байдаг хэдэн шалтаг бий. Хар тамхинаас айдаг. Гэвч казинотой казиногүй хар тамхины хяналтыг бид алдчихсан байгаа. Хуулийнхны өгч байгаа мэдээллээс харахад энэ шүү дээ. Үүгээр бол захын нэг бааранд хар тамхи худалдаж, хэрэглэх болсон гэж байгаа. Прокурор хүн хүртэл хар тамхины хэргээр саатуулагдсан жишээ бий. Бас монголчууд орж тоглоод орон гэрээ, амьдралаа сүйтгэнэ гэдэг. Тэгвэл Макао, БНСУ, Сингапурын казинод  монголчууд л үйлчлүүлдэг мэдээлэл байдаг.

“Хадгаламж” банкны 14 тэрбумыг казинод алдсан хэргээс хойш манай улстөрчид “…Камертай юу” гэж байгаад орж тоглодог болсон гэсэн. Энэ ортой л мэдээлэл. Ерөөсөө л мөрийтэй тоглоомонд Монголын ил, далд мөнгө гаднын казино руу урсдаг гэсэн үг. Казино тоглож үзээгүй улстөрч, томоохон бизнесмэнүүдээс олоод ир гэвэл цөөхөн хүн гарч ирэх вий.

Эндээс үзвэл казиног “хадны мангаа” гэх нь ердөө л шалтаг гэдгийг ойлгож болно. Харин бодит шалтгаан юу вэ гэдгийг бид анзаардаггүй. Казиногийн хэргээр анх 1998 онд гурван гишүүн аавын хаалга татсанаас хойш хэд хэдэн удаа Казиногийн тухай хууль унахад чухам юу нөлөөлсөн гэдгийг улс төрийн хүрээнийхэн бол мэднэ. Тэр бол казиногийн эрх, эзэмшил. Казино ашигтай, маш хурдан хугацаанд эдийн засагт томоохон хэмжээний сэргэлт авчирна гэдгийг захын улстөрч, эдийн засагч хэлнэ. Хамгийн гол нь ингээд хэлээд, дэмжээд явах гэхээр нэг асуудалтай тэд тулгардаг.

Тэр нь “…Би казиногоос ямар ашиг хүртэх вэ” гэдэг зовлон байгаа юм. Энэ нь тодорхойгүй л бол дээр хэлсэнчлэн шалтаг яриад, хэрэггүй гээд эхэлнэ. Уг нь казино байгууллаа гэхэд дагалдах хууль тогтоомжоо гаргаад л, хяналтаа тавиад явах бүрэн бололцоо бий гэдгийг бүгдээрээ л мэднэ. Ингэхээр эхлээд улсаа бодвол энэ Засгийн газрын дахин санаачилсан Казиногийн тухай хуулийг батлах хэрэгтэй. Эс тэгвээс хүн бүхэн ашиг сонирхлын өнцгөөр хандвал өнөөдрийн Тавантолгой шиг гацаанаас гарахгүй. “Казино” Л.Байгаль нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. “…Яг үнэндээ мэргэжлийн сагсан бөмбөг, хөлбөмбөг ч гэсэн мөрийтэй тоглоом шүү дээ” гэж. Үнэн үг.

Эцэст нь, Засгийн газар Казиногийн тухай хуулиас гадна Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль УИХ-д өргөн бариад байгаа.  Тэр хуулийг төвөггүй дэмжигдэнэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Уг нь энэ хоёр цаад агуулгаараа ив ижилхэн юм.

Хэн юу хэлэв?

Эдийн засгийг дэмжиж валютын урсгалыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьж буй казино болон хурдан морины бооцоот уралдааны морин тойруулга байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор Б.Алтанцэцэг нарын байр суурийг сонирхлоо.

Д.Хаянхярваа: Хязгаарлагдмал эрхтэй казино байгуулахыг дэмжинэ

-“Казино” болон “Морин тойруулга” байгуулах асуудал эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөний асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж яригдаж байгаа. Нэг талаас шүүмжлэлтэй юм шиг, нөгөө талаас нийгэм бас хүлээж авч байгаа юм шиг яригдаж байгаа зүйлүүд бий. Бид энэ бүхнийг олон жилийн өмнөөс ярьсан.

Энэ дэлхий нийт хэрэгжүүлж болоод байгаа, гэхдээ мөнгө санхүүгийн хувьд ашигтай, боломжтой зүйл байвал Монголд хэрэгжүүлж, хийх ёстой гэж бид үзэж байгаа. Гэхдээ хуулиар хязгаарлаж өгдөг заалтууд байна. Тухайлбал, хязгаарлагдмал эрхтэй, ийм нөхцөлтэй казино гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд тийшээ орохгүй, зөвхөн гадаад дотоодын жуулчид, гаднаас манайхыг сонирхож ирж казинод орох хүмүүст зориулсан казино байхыг бид дэмжиж байгаа.

О.Баасанхүү: “Казино”-гийн асуудал эдийн засгийн хямралаас тусдаа зүйл

-Би “Казино”-гийн эсрэг байгаа. Манайханд нэг буруу ойлголт байгаад байх шиг. Жишээлбэл, өнөөдөр гадаадад хар тамхийг зарим газар зөвшөөрдөг гэж яриад байдаг. Гэтэл бодит байдалд тийм биш. Манайд өнөөдөр хар тамхи, мөс гээч зүйлүүд ямар аймшигтай байдалд байна вэ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болчихоод байна. Түүн шиг “Казино” хэрэв ороод ирвэл, мөнгө угаалтыг бид хянаж чадахгүй.

Зарим нь гадны хүмүүс л тоглоно биз гээд байгаа. Гадныхан тоглож болно. Нэг жишээ хэлье. Тухайлбал, Солонгосын ерөнхийлөгч байсан хүн өмнө нь манай улсад ирээд тус улсын “Казино”- д монголчууд тоглосон баримтыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн байдаг. Тэр юу болсон бэ гэвэл, “Казино”-д Монголын төрийн мөнгийг идэж уудаг явдлаар хэрэг үүсгэхэд тухайн үеийн ерөнхий прокурор М.Алтанхуяг олигтой юм хийж чадаагүй. Үүнийг би яагаад өнөөдөр ярьж байна вэ гэвэл, яг түүн шиг бид гадныхны бэлдээд өгсөн юмыг идэж чадаагүй байж өөр орны хүмүүсийн хүсэлтийг шийдэж чадах уу. Дээрээс нь тэнд монгол хүмүүс ажиллана биз дээ. Тэр хүмүүс ажиллаад, цалин мөнгө аваад сайхан байх гэж үү.

“Казино”-г дагаад нууц далд бизнесүүд явдаг. Тэгэхээр тэр зүгээр нэг бүлэглэлүүдийн бас нэг мөнгөө нуух далдлах гэсэн оролдлого. Эдийн засгийн хямрал, “Казино”-гийн асуудал тусдаа зүйл. Нэг дор хамж үзэж болохгүй.

Б.Алтанцэцэг: Хууль эрх зүйн орчныг нь сайтар боловсруулах ёстой

-“Казино” болон бооцоот уралдааны морин тойруулгыг байгуулснаар эдийн засгийн хямралаас гарна гэдэг хэт өрөөсгөл ойлголт. Гэхдээ нууц маягаар явж байгаа зүйлийг хуулийн дагуу ил болгосноор улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлого өсөх боломжтой болов уу.

Мэдээж энэ бүхнийг зохион байгуулахад гарах эрсдлийг сайтар тооцож, хууль эрх зүйн орчныг нь сайтар боловсруулах хэрэгтэй. Хамгийн гол нь далд хэлбэрээр эргэлдэж байгаа мөнгийг ил болгох нь эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ өсч тэр хэрээр татварт төвлөрөх орлого ч нэмэгдэнэ гэж харж байна.

 

Б.Дамдин