Хятад Оросын эдийн засгийг аварна

Хятад болон ОХУ-ын засгийн газрын тэргүүнүүд энэ долоо хоногийн эхээр хоёр орны хооронд худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт бүхий баримт бичигт гарын үсэг зурлаа. ОХУ болон Хятадын хооронд худалдааны эргэлт энэ онд 40 тэрбум ам.долларыг давах тооцоог хоёр тал хийж, ирэх 3-7 жилийн хугацаанд үүнийг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. Хоёр орон худалдаа наймаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахаар ярилцаж байгааг ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ. Ингэснээр ам.долларын хамаарал буурч, хоёр орны хооронд бараа эргэлт ихсэх нь юм. Үүнд, Хятадын юань Олон улсын валютын сангийн (ОУВС) нөөцийн сагсанд багтсан нь том нэмэр болж байна. Хятадын юань өнгөрсөн аравдугаар сарын 1-ээс ам.доллар, евро, фунт-стерлинг, иентэй хамт “зээлжих тусгай эрх” бүхий валют болсон билээ. Өөрөөр хэлбэл, гадаад валютын хомсдолд орсон ОУВС-ын гишүүн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх нөөцийн валют болсон гэсэн үг. Энэ нь ам.долларын ноёрхлын эсрэг Хятадын тэмцэлд том алхам юм. Яваандаа олон улс гадаад худалдаанд ам.долларыг биш юанийг ашиглах нь нэмэгдэхэд том түлхэц үзүүлэх аж.

ХЯТАДЫН БОДИТ ДЭМЖЛЭГ

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян энэ долоо хоногт ОХУ-д албан ёсны айлчлал хийж, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа болон худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ярилцав. Тэд худалдаа, эдийн засгийн хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, Хятадын хамтарсан санг байгуулахаар тохиролцжээ. Мөн Оросын алс зүүн хязгаар болон Хятадын зүүн хойд бүс нутгийн хооронд засгийн газрын хоорондын тав дахь зөвлөлийг байгуулах гэнэ. Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр ОХУ-ын Газпром компани, Хятадын Хөгжлийн банктай санхүүжилтын гэрээ байгуулжээ. Оросын Внешэкономбанкны удирдлагууд Хятадын хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай зургаан тэрбум ам.долларын зээлийн гэрээ, төрийн өмчийн “ВТБ” банк ирэх 3-5 жилд худалдааг юанаар санхүүжүүлэх хэд хэдэн гэрээг Хятадын талтай тус тус байгууллаа. Харин Роснефть групп, Хятадын Бээжин байгалийн хий группт Сибирийн зүүн хэсэгт газрын тос, байгалийн хийн олборлолт хийж буй Верхнечонскнефтегаз компанийн хувьцааны 20 хувийг худалдахаар зөвшөөрсөн байна. Энэ мэт гэрээ хэлцэлүүд нь Барууны эдийн засгийн хоригийн улмаас хямралд өртсөн ОХУ-д том дэмжлэг болох нь мэдээж.

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

долдугаар сарын ханшын байдал

долдугаар сарын ханшын байдал

Украины зөрчил хямралаас шалтгаалан Барууныхан Москвагийн эсрэг хориг тавьж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасан нь өнгөрсөн онд ОХУ-ын эдийн засагт цохилт болсон юм. Гэвч ОХУ хямралаас гарах гарцаа хэдийн олсон аж. Тухайлбал, эдийн засаг энэ оны III улиралд өсөх хандлагатай байгааг ОХУ-ын Төв банкны Судалгаа, дүгнэлтийн газраас мэдээлсэн юм. Өнгөрсөн наймдугаар сарын инфляцийн динамик Төв банкны суурь дүгнэлтийн төвшинд байж, эдийн засаг, санхүүгийн нөхцөл сайн талдаа гарчээ. Росстатын статистикийн мэдээгээр, Оросын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэгдүгээр улирлын 1,2 хувийн уналтаас II улиралд 0,6 хувь хүртэл багассан байна.