Эдийн засгийн өсөлтийг 2-4 хувь, инфляцийг 3-5 хувиар төсөөлжээ

   

Монголбанкнаас инфляцийн төлөв байдлын тайланг олон нийтэд мэдээлээд буй. Уг тайлангаар Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-4 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Харин инфляцийг 2017 онд 3-5 хувь байхаар төсөөлсөн байна.

Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх төсөөллөөс бууруулахад уул уурхайн салбарын сэргэлт удаан, сул, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээгдэж байснаас буурч болзошгүй байгаа нь нөлөөлжээ. Мөн хувийн хэрэглээ эрчтэй агшсан болон бодлогын хүү өссөн нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нөлөөлсөн байна. Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд дурьджээ.

Харин инфляцийн хувьд ирэх онд хүнсний болон хүнсний бус инфляци 2017 оны сүүлийн хагас хүртэл үргэлжлэн буурах хандлагатай байна. Тухайлбал, хүнсний инфляци буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт голлон нөлөөллөө. Харин хүнсний бус инфляцийн тухайд 2017 онд нийт эрэлт буурах төлөвтэй холбоотойгоор нам түвшинд хадгалагдана гэж Монголбанк үзэж байна.

Ингэснээр инфляци 2017 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлд тусгагдсанаас бага түвшинд байх хүлээлттэй байна.