Монголын эдийн засаг, нөхцөл байдлын талаар www.npr.org сайтад ROB SCHMITZ-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголын хамгийн том задгай зах “Нарантуул” олон улсын худалдааны төвд бум бужигнаж, олон төрлийн бараа худалдахыг харвал эдийн засаг нь сүйрлийн ирмэгт ирсэн гэж хэн ч таамаглахгүй. Гэвч дэлхийн хамгийн хурдацтай өсч байсан эдийн засаг одоо илт удааширчээ.
Зах дээр худалдаа эрхлэгч, 28 настай Эрдэнэжаргал “Худалдан авалт маш муу байна. Ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүмүүс үнийг нь асуучихаад хариу хэлэхээр яваад өгдөг” хэмээн ярив. Тэрбээр олон дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцсон барилгын компанид ажиллаж байсан ч өнгөрсөн жил дампуурчээ. Эрдэнэжаргал гурван хүүхэдтэй, нөхөр нь бас ажилгүй болсон байна. Эцэст нь тэрбээр зах дээр Оросоос чихэр авчирч зарах болсон аж. Тэр нөхцөл байдал хүндэрсэнд дэндүү их өр, зээл тавьсан Засгийн газраа буруутгаж байв.
Техас муж улсыг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний өргөн уудам газар нутагтай Монгол Улс дөнгөж гурван сая хүн амтай. Хятадын нүүрсний хэрэгцээ өндөр байсан 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч байв. Гэтэл Дэлхийн банк 2016 оны Монголын эдийн засгийн өсөлтийг дөнгөж нэг хувиас хэтрэхгүй хэмээн таамаглажээ.
“Бид 2011, 2012 онд дэлхийн №1 өсөлттэй эдийн засагт тооцогдож байсан. Гэвч таваарын үнэ унаснаар эдийн засаг суларч эхэлсэн” хэмээн өнгөрсөн зургадугаар сард парламентын гишүүнээр сонгогдсон А.Ундраа ярьжээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төрийн ордны өмнө Чингис хааны хөшөө сүндэрлэнэ. Алт болон бусад эрдсийн үнэ унаж эхэлснээс хойш Монголын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн. Өдгөө гадныхан уул уурхайн баялаг ихтэй Монгол улсыг “Minegolia” хэмээн нэрлэх болжээ. Бүтээгдэхүүний үнэ унаснаар олборлолтын компаниуд мөнгөөр “цус алдаж” эхэлсэн гэхэд болно.
Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлт сайн байхад Монголын засгийн газар дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй “Чингис” бондыг гаргасан боловч зөв зарцуулж чадаагүй. Панамын оффшор дансны дуулиан дэлгэгдэх үед хэд хэдэн улстөрчийн нууц данс илэрсэн. Өдгөө Монголын өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 80 хувьтай тэнцэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш чөлөөт уналтын хурдаар суларч, ам.доллар чангарсаар байна.
Алт болон бусад эрдсийн үнэ унаж эхэлснээс хойш Монголын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн. Өдгөө гадныхан уул уурхайн баялаг ихтэй Монгол улсыг “Minegolia” хэмээн нэрлэх болжээ.
“Мэдээж бидний яаралтай хийх зүйл бол төсвийн тодотголоор алдагдлыг бууруулах юм” хэмээн “Cover Mongolia” фирмийн зах зээлийн шинжээч ярив. Тэрбээр мөн “Олон улсын валютын сангийн тусламж ч Монголыг олон тэрбум ам.долларын өрөө төлөхөд хүрэлцэхгүй. Эдийн засаг, улс төрийн нөлөө болон Хятадад төлөх өрийн асуудлаас монголчууд болгоомжилж байгаа ч урд хөршөөсөө мөнгө нэмж авахаас өөр аргагүй. Олон нийтийн болгоомжлол байгаа ч улстөрчид Хятадтай хэлэлцэж байна” хэмээв. Эх сурвалжуудын мэдээллээс харахад, Монголын албан бус ажилгүйдлийн тоон үзүүлэлт 30-40 хувьд хүрсэн байна.
Эх сурвалж: http://www.npr.org ROB SCHMITZ