Тавантолгойн хэлэлцээний шинэ мэдээ

Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх шинэ хэлэлцээ энэ сарын 21-нээс буюу өнгөрсөн Мягмар гаригаас албан ёсоор эхэлсэн. Дөрвөн засгийн нүүр дамжиж байгаа Тавантолгой хэлэлцээ өнөөдрийн эдийн засаг, улс төрийн халуун сэдэв болж байна. Үүнтэй зэрэгцээд Тавантолгойтой холбоотой янз бүрийн мэдээлэл хэвлэлээр цацагдсан болсон.

Тавантолгойн төслийг яаралтай хөдөлгөх үүднээс өмнө Засгийн газрын эхлүүлсэн гэрээг сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлын хэсэгт даалгасан. Тавантолгойн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахалж байгаа юм. Мөн Зам тээвэр хөгжлийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөөлөл оруулсан ажлын хэсэг 19 хүнтэй.

Гэрээний төслийг шинэлэн боловсруулах ажлыг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан Б.Батжаргал хийж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь Оюутолгойн төсөл дээр ажиллаж байсан гэх мэдээлэл ч байна.

Тавантолгойн ажлын хэсгийнхэн өнгөрсөн Мягмар гаригт Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома” гэх консорциумын төлөөлөгчидтэй анхны хэлэлцээгээ хийжээ. Ажлын хэсгийнхний зүгээс долоо хоног тутам хэлэлцээний талаар шинэ мэдээллийг дуулгахаа амалсан.

Тавантолгойн гэрээг хийхдээ олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, цахилгаан станц, бүс нутгийн хөгжлийн асуудлыг цогцоор нь тусгана гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлсэн.

Хөрөнгө оруулагчтай хийсэн ажлын хэсгийн хэлэлцээний шинэ мэдээлэл гэвэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд “Энержи ресурс” огт оролцохгүйгээ яригдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайтын 267 километр төмөр замын төслийн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компани эзэмшихээр хэлэлцээ хийгдэж байгаа аж.

Ингэснээр Монголын нүүрсний гэх экспортын гол төмөр зам “Шинхуа”-гийн мэдэлд очих нь гэсэн шүүмжлэл ч байна. Ингэснээр М.Энхсайханы хийж байсан гэрээнээс дордуулсан нөхцөл бүрдэнэ гэж салбарынхан нь эмзэглэж байгаа аж. М.Энхсайханы гэрээнд Тавантолгойн төмөр замын 49 хувийг “Энержи ресурс”, “Сумитома”, “Шинхуа” эзэмших, энэ 49 хувийнхаа 49 хувийг “Шинхуа” эзэмшихээр суулгаж өгсөн ч Монголын парламент хүлээж аваагүй юм. Тавантолгойн төмөр зам урагшаа “Шинхуа” компанийн төмөр замтай холбогдоно. Тиймээс нэрэн дээрээ 51 хувийг нь монголчууд эзэмшиж буй ч Гашуунсухайтын төмөр зам зуун хувьд “Шинхуа”-гийн мэдэлд очих нь гэсэн болгоомжлол ч байна. Харин Монголын төмөр зам компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцохдоо 51 хувийнхаа хөрөнгө оруулалтыг Хятадын Засгийн газраас зээлнэ гэсэн мэдээлэл ч явж байсан билээ.

Ямар ч байсан Тавантолгойн төслийн төмөр зам Монголын үндэсний компаниуд оролцохгүй 51 хувийг төрийн өмчит “МТЗ”, 49 хувийг нь “Шинхуа”-д өгөхөөр шинэ хэлэлцээ өрнөж байна.

Харин зүүн, баруун Цанхид олборлолт, боруулалт хийх төслийн компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын компанид өгөх үүрэг чиглэлийг Засгийн газраас ажлын хэсэгт олгосон. Энэ дагуу Тавантолгойн зүүн, баруун Цанхид олборлолт, боруулалт хийх компанийн 51 хувьд Монголынх байна гэсэн шаардлагыг ажлын хэсэг тавьж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн тендерт ялж, Монголын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа “Энержи ресурс”, “Шинхуа ресурс”, “Сумитома” нарын хамтарч байгуулах төслийн компанийн 51 хувийг л Монголын компани мэдэлд байна гэсэн шаардлагыг Монголын Засгийн газар тавьж байгаа юм.

Харин Тавантолгойн цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулагчийг тодруулах тендерт Японы “Марубени” компани шалгарсан бөгөөд цахилгаан станцыг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Дашрамд дурдахад, шинэ төмөр замын гэж нэрлэгдэх болсон төмөр замтай холбоотой албан тушаалтнуудын хэргийг АТГ-аас мөрдөж дуусаад Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.

Б.ХОНГОР