Тавантолгой сураг алдрав уу?!

Шинэ оны өмнө Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барина гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэдэгдэж байснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газраас байгуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд нь Тавантолгойн хөрөнгө оруулагчид болох “Энержи ресурс”, “Шинхуа ресурс”, “Сүмитомо” нартай албан ёсоор ганц удаа уулзсан бөгөөд түүнээс хойш ямар нэгэн шинэ мэдээ дуулдаагүй байна.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан том төслүүдээ урагшуулах зорилтын хүрээнд Мэргэжлийн Засгийн газар эдийн засгийн хямралтай тэмцэх хөтөлбөртөө Тавантолгой, Гацууртын ордыг эргэлтэд оруулахаар суулгасан. Тиймээс гэрээг яаравчлах үүднээс өмнөх Засгийн газрын шалгаруулсан хөрөнгө оруулагчидтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр шийдсэн байдаг.

Тавантолгойн төслийг хариуцсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтаараа төслийн компани байгуулах хамтын ажиллагааны гэрээний хугацааг 22 жил байхаар, мөн дотоодын аж ахуйн нэгжүүдтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах асуудлыг хөнджээ.

Тэгвэл Шийдлийн Засгийн газрын үед боловсруулж, бараг үзэглэхийн даваан дээр буцсан гэрээнд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хугацааг 30 жилээр тооцсон байдаг.

Ажлын хэсгээс санал болгосон хувилбаруудыг хөрөнгө оруулагчид судалж байгаа бөгөөд дараагийн хэлцэл хэзээ хийгдэх нь тодорхой бус байна. Ямар ч байсан дотоодын аж ахуйн нэгжүүдийг олборлолт болон уул уурхайн төлөвлөлт, нүүрс баяжуулах үйлдвэо браих, цахилгаан станцын төсөл дээр ажлуулах асуудлыг хөрөнгө оруулагчид нааштайгаар хүлээж авсан гэх мэдээлэл сонсогдож буй.

Гэхдээ Засгийн газраас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахдаа ямар чиглэл барьж байгаа талаар мэдээллээ нууцалж буй ч хөрөнгө оруулагчдын байгуулах төслийн компанийн 51 хувь нь монгол компани байх, төмөр замын 49 хувийг Шинхуа, 51 хувийг “Монголын төмөр зам” эзэмших гэсэн анхны хувилбар ахиад л өөрчлөгдөж байгаа бололтой. Учир нь төслийн компанийн 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” хоёр хуваан эзэмшихээр бас нэгэн шинэ хувилбар ажлын хэсэг дээр яригдаж байгаа гэнэ. Гэхдээ аль, аль нь яриа төдий. Тталууд анхны яриа хэлэлцээ хийснийхээ дараа л Засгийн газрын байр суурийг хөрөнгө оруулагчид судалж байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж сар шинийн өмнө Тавантолгойн гэрээг үзэглэх бодолтой байгаагаа хэлж байсан ч учирч болзошгүй эрсдлээ тооцсон уу, ямар ч байсан цагаан сараас өмнө Тавантолгойг үзэглэнэ гэдэг худлаа болж байх шиг.

Учир нь УИХ-ын анхдугаар чуулган удахгүй завсарлах бөгөөд ээлжит бус чуулганаар Тавантолгойн асуудал бараг л орж ирэхгүй болов уу.

Хэдийгээр хөрөнгө оруулагчид Тавантолгойн гэрээ Мэргэжлийн засгийн үед хөдөлнө гэсэн итгэлтэй байгаа хэдий ч энэ сэдэв хөндөгдөх бүрт босч ирдэг улс төр нь хэвээр байгааг З.Энхболд даргын ярилцлага тод харуулж байгаа юм.

Төмөр замын төсөл дээр “Шинхуа”-гаас өөр гарцгүй, Засгийн газрын төвшинд байр сууриа нэгтгээгүйгээс болоод хөрөнгө оруулагчдад хоёр өөр ойлголтыг бий болгоод байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, нэг сайд нь “Шинхуа”-д төмөр замынхаа 49 хувийг өгөх, нөгөө нь Тавантолгойг худалдах гэсэн зарчмын зөрүүтэй санал Засгийн газрын төвшинд яригдаж буй учраас ойлголцлоо нэгтгэх шаардлагатай болсон гэж эдийн засгийн хүрээнийхэн хэлж байна.

Сүр дуулиантайгаар эхэлсэн Тавантолгой хэлцэл аажмаар сураг алдарч, анхаарлын төвөөс алсарсаар. Үүнтэй зэрэгцээд баруун Цанхийн нүүрс 71.5 ам.доллар хүрсэн гэх мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал өгсөн бөгөөд олборлолт дээр нь З.Энхболдын гэх “Хишиг-Арвин” компани ажиллаж буй тухай мэдээлэл ч байна.

Эцэст нь, эдийн засаг, улс төрийн халуун сэдэв гол эзэн байна гэдгээ мэдэгдэж байсан Ц.Дашдорж сайдаас Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ юу болж байгаа талаар шинэ мэдээлэл, шинэ хувилбарыг сонсмоор байна.

Ж.ЭРХЭС