АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо энэ он гарсаар АНУ-ын компанийг худалдан авах хүсэлт тавьсан гаднын есөн компанид татгалзсан хариу өгсөн байна. Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр тоо гэдгийг эх сурвалж хэлж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын бизнес эрхлэгчид АНУ-ын компаниудыг худалдаж авах сонирхол нэмэгджээ. Он гарснаас хойш БНХАУ-ын хөрөнгө оруулагчид АНУ-д 87 хэлцэл хийснээ зарлаад байгаа нь 2016 оноос арваар өссөн дүн болж байна. Хэдий тийм боловч Дональд Трампын Засгийн газрын бодлогын хүрээнд гаднын хөрөнгө оруулалт, ялангуяа БНХАУ-ын компаниудад тавих хяналт чангарч байгаа аж. Түүнчлэн гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг хумих БНХАУ-ын Засгийн газрын бодлого хилийн чанадад хийх тус улсын компаниудын нэгдэн, нийлэх хэлцлийг хязгаарлана гэж ажиглагчид үзэж байна.
APOLLO: “ADT”-ИЙН ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИЖ, ХӨРӨНГӨ БОСГОНО
Үнэт цаасны “Apollo” компани өөрийн эзэмшлийн “ADT” компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжиж, 15 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Энэ нь 2013 оноос хойш үнэт цаасны компанийн дэмжлэгтэй гаргаж байгаа хамгийн том “IPO”-д тооцогдож байгаа юм. “Apollo” компани 2016 онд “ADT”-ийг долоон тэрбум ам.доллараар худалдан авч, “Protectio One “компанитай нэгтгэж байжээ. Хоёр компанийн нийт үнэлгээ тухайн үед 15 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан юм.
“AB INBEV” КОМПАНИ “HIBALL”-ИЙГ ӨӨРИЙН БОЛГОНО
Шар айраг үйлдвэрлэгч “Ab Inbev” компани энержи дринк, органик жүүс үйлдвэрлэгч “Hiball” компанийг худалдаж авахаар болсон байна. Энэ нь согтууруулах бус ундааны төрөлд хөрөнгө оруулж байгаа ээлжит алхамд тооцогдож байгаа ажээ. Хэлцэл энэ оны III улиралд эцэслэгдэнэ. “Ab Inbev” компани 2020 он хүртэл АНУ-ын зах зээлд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэдгээ тавдугаар сард мэдэгдсэн юм.