ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ОРОН НУТАГТ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой үйл явц үргэлжилж байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг Аймаг, 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой үйл явц үргэлжилж байна.Зургийг: С.Батсайхан

Нийслэлийн засаг дарга нарт илгээлээ. Энэхүү албан тоотоор үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг сум, дүүрэг, хорооны иргэний танхим, тусгай бэлтгэсэн өрөөнд байнга хүлээн авах, цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгийн дүнг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт энэ оны есдүгээр сард багтаан ирүүлэхийг үүрэгджээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш илүү эрчимтэй ярих болсон. Энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамтатгахаар ярьж байсан ч хойшлуулсан юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөөд байна. Ажлын хэсгээс мэдээлснээр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр тодорхой хүрээ хязгаарт зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж буй.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан төслийг энэ оны зургадугаар сарын 5-аас есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлнэ. Төсөлд зааснаар УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар тусгаад байгаа юм. Гэхдээ бэлэг тэмдгийн төдий Ерөнхийлөгчтэй болох хувилбар оновчгүй гэж зарим судлаач үзэж байна. Нөгөө талаас УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхтэй байхаар төсөлд тусгажээ. Мөн төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор тусгаад байна.